Дорнод аймгийн Халх гол сумын нутагт нэгэн сүрлэг хөшөө сүндэрлэн бослоо. Их бурхант хэмээх газарт хоёр метр өндөр боржин чулуун дээр суурилуулан урласан уг хөшөө нь Улсын баатар М.Экейн гэрэлт хөшөө аж. Хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, П.Алтангэрэл нар оролцоод иржээ.
Уг хөшөөг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар санаачлан хандиваар босгосон байна.
Мазимын Экей нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат бөгөөд 1939 оны Халх голын дайнд Дандар баатрын командалсан зургадугаар дивизийн 15 дугаар морьт хорооны дөрөвдүгээр сумангийн дарга байжээ. Улмаар 1939 оны долдугаар сарын 24-нд Гөлөгт манханыг эзлэн авах тулалдаанд оролцон тулалдаж яваад амь үрэгдсэн байна. Тэр үед 24 настай байсан М.Экейг улсын баатар цолоор шагнасан байна. Эх орныхоо төлөө амь үрэгдсэн, казахын ард олноос төрөн гарсан зоригт баатар гэдгээр нь өлгийчүүд өнөөг хүртэл бахархдаг байна. Казахын дайчин эрд зориулсан гэрэлт хөшөөг босгох санаа гурван жилийн өмнөөс гарчээ. Халх голын сав газраар аялж явсан аймгуудын удирдлагууд уг санааг анхлан гаргасан нь биелэл боллоо гэж УИХ-ын УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: