Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын “Түүхийн давалгаанд “, “Эгзэгтэй 10 жил” номуудыг...

Евразийн голт зүрхэнд Төв Азийн нүүдэлчдийн сонгодог уламжлалаа хадгалсан казах түмний 2300 гаруй жилийн түүхийн ээдрээ нугачаа харийн гүрний дарлал дор эдэлсэн гал усны гашуун зовлон, нүүдэлчдийн соёл иргэншлийн эерэг сөрөг тал, ХХ зууны аугаа их хувьсгалд хэрхэн татагдан орж эцэст нь тусгаар тогтнолоо зарласан Казахстан Улсын дэлхий дахинд эзлэх байр суурийг тодорхойлсон уг ном манай уншигчдын таалалд нийцнэ гэдэгт итгэж байна.

Учир юу гэвэл бид түүхэн замнал, гарал үүсэл, аж төрөл ойрхон, хэл соёлын өнө эртний хэлхээ холбоотой ахан дүүс, анд нөхдийн үр сад билээ. Казахстан улс төрт ёсны тогтолцоо төдийгүй, эдийн засгийн чадавхаар дэлхийн тэргүүлэх 50 орны эгнээнд багтаж, жил бүрийн эдийн засгийн өсөлт 8,5-10 хувьд хүрч нефьт, хий, ашигт малтмал, газрын тос, үр тариагаараа тэргүүлжээ. Тэгвэл Казахстаны хөгжлийн увидас нь юунд байна вэ?

Төв Азид нүүдэлчдийн анхны төрт ёсыг үүсгэсэн Гун /Хүн-ну/ гүрэн байгуулагдсны /м.э.ө. 209 он/ 2200 жилийн ойн жил 1991 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч Казахстан улс тусгаар тогтнолоо зарлаж анхны ерөнхийлөгчийг сонгосон нь ихээхэн бэлгэшээлтэй сонин тохиолдол болов.
Нурсултан Назарбаев Казахстан Улсын Ерөнхийлөгч, Казахстаны олон үндэстэн ястныг багтаасан Казахстаны ард түмнүүдийн ассамблейн тэргүүн, Дэлхийн казахуудын холбооны удирдагч төдийгүй, эдийн засгийн ухааны доктор, номч, мэргэн түүхч судлаач, төр, улсын нэрт зүтгэлтнээр зүй ёсоор тодорчээ. Казахстан Улсын тусгаар тогтнолыг зарлаж, анхны Үндсэн хуулиа туурвиж эх барьж аваад зогсоогүй түүнийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх түүхт үйлс түүнд оногджээ. Энэ бол аливаа улс орны удирдагч бүрт оногдож байдаггүй ховор тохиолдох аз завшаан юм.
ХХ зууны эхэнд ЗХУ задарч түүний бууринд үлдсэн Казахстан улс хэрхэн хөлөө олох бол гэж дэлхий дахин ажиглаж байсан нь саяхан.

Америк тив, Ази, Европын хүчирхэг гүрэн, Арабын ертөнц, Латин Америк болон Африкийнхан Казахстан Улсын талаар олон таамаглал дэвшүүлж ЗХУ-ыг хооллож, түүхий эдээр хангаж байсан Казахстан улсыг хөл дээрээ тогтож, бие дааж чадах уу гэдэгт эргэлзсэн онолч, улс төрчид нэн олон байв.

Эртний Грекийн демос - ард түмэн, кратос - төрт улс буюу "демократия" гэдэг үгийг монголчууд ардчилал гэж орчуулан даджээ. Энэ нь төрт улсыг ард гаралтай эгэл хүн удирдсан цагт жинхэнэ ардчилал хэрэгжихээс хаан, султан, шейх, нам эвслийн дарга, шашны тэргүүн, эзэн хаан, ван, гүн, баячууд /олигархууд/ ээлжлэн төр барьсан цагт ардчилал хэзээ ч хэрэгждэггүйг үүнээс 3000 жилийн өмнө грекүүд хэлж байсан нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүй юм. Тэгвэл Казахстаны төрийг хаад, ноёд, сурвалжит угсааны биш, малчны хүү, анхныхаа ажлын гараагаа төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас эхэлсэн жирийн хүн барих болсон нь өвөг дээдсийнхээ мөнхийн хүслэнгийн биелэл гэлтэй.
Н.Назарбаевын анхны алхмаас эхлэн түүнийг улс орны эрх ашгийг дэлхийн улс үндэстний эрх ашигтай хослуулж удирдлагын мэргэн ухаанаараа тодорсон төрийн зүтгэлтэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч гэж хэлэгдэх болсон нь учиртай.

Азийн их гүрэн бидний мөнхийн хөрш Хятад буюу Дундад иргэн улсад "Сань далян сяо", "тэргүүлэгч гурав, дагалдагч хоёр" гэсэн үг бий. Тэргүүлэгч гуравт хятад, орос, япон багтвал дагалдагч хоёрт вьетнам, солонгос ордог ажээ. Оросууд тэнд байраа эзэлсээр дөрвөн зууныг өнгөрөөжээ. Хятадууд өнгөрсөн зууны дундуур "Хэт их хоёр гүрэн"-д ЗХУ, Америкийг багтааж энэ хоёр тэрсэлдэн өрсөлдсөн цагт бага буурай улсад эрх чөлөө тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хүрэх хэцүү гэж номлодог байв.
Тэгвэл ЗХУ задран бутарч, АНУ "Хэт их гүрэн " гэдгээ хадгалж дэлхийд ноёрхох санаархлаар улайран зүтгэсэн харалган бодлогын гайгаар хүн төрөлхтөнийг өөртөө дайсан болгон Арабаас Латин Америк хүртэлх олон улс орныг өштөн дайснаа болгожээ.

Ази тивд бараг дэлхийн хүн ардын гуравны хоёр нь оршдог учир ХХI зууныг Азийн зуун, Хятадын зуун болно гэснийг батлан нотлох мэт одоогийн Хятадын хөгжил, дэвшил, төрийн тогтолцоо дэлхийд үлгэр жишээ болж байна. Назарбаевын хэрсүү ухааны ачаар хамгийн түрүүнд "Түүхийн жил"-ийг зарлаж түүх, хэл соёлыг цоо шинээр жингийн туухайд тавьж түүхийнхээ хар, цагаан толбыг арилгаж, үүрдийн хөрш орос, хятадтай хил хязгаар, өгөө авааг эцэслэн энэ хоёр хөрштэй мөнхийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж чаджээ. Оросын анхны ерөнхийлөгч Б.Ельцинээс В.Путин хүртэл Хятадын шинэ үеийн удирдагч Зянь Зэминь, Ху Жин Тао нартай бат бэх барилдлагаатай хамтран ажиллах, харилцан туслалцах тэгш эрхээр гагнагдсан Шанхайн хамтын ажиллагааг санаачлагчийн нэг болсноор түүнийг дэлхийн хэмжээгээр сэтгэдэг удирдагч болохыг нотлов.

2030 он хүртэл Казахстаны хөгжлийн жанжин шугамыг тодорхойлж дэлхийн тэргүүлэгч 50 орны нэгт тооцогдох болсон Казахстан улс 2010 онд Европын аюулгүй байдал, хамтын нөхөрлөлийн холбоог удирдах болсон нь тусгаар тогтнолоо зарлаад арван хэдхэн жил болсон Казахстан Улсын хувьд асар их үсрэлт сэргэн мандлын эхлэл юм.
Соёл, иргэншлийн хувьд дэлхийн 210 гаруй улс орон янз бүрийн төвшинд байна. Зарим улс газар нутгаараа зарим нь хүн амын тоогоороо нөгөө нэг нь баялагаараа бас нэг нь үсрэнгүй хөгжлөөрөө гайхуулна.

Чингис хааны ууган хүү Зүчийн энэ хөргийг
Тайваниас гурван жилийн өмнө
Монголд авч ирсэн бөгөөд хэвлэлд анх удаа гарч байна.
Төв Азид үеийн үед унаган төрхөө алдаагүй эх нутагтаа эзэгнэн сууж усны тунгалагийг ууж, эрүүл агаараар амьсгалан өсөж өндийсөн Казахын ард түмний зочломтгой, эвсэг, хүнлэг сэтгэлгээтэй өвөрмөц менталитет - нандин чанарыг даяаршлагдсан энэ үед хадгалан хамгаалах нь амаргүй байсан бизээ. Тиймээс тэр "эхлээд эдийн засгаа, дараа нь улс төрөө цэгцлье" гээд ард түмнийг сургах, үнэ төлбөргүй эмчлэх зэрэг нийгмийн хамгааллаар Казахстан улс бусад холбоотон улсад үлгэр дууриалал үзүүлэв. Зөвхөн өнгөрөгч 2007 онд 20 сая тонн үр тариа хурааж Каспийн нефть, шатдаг хийг Европт экспортлох хэмжээнд хүрсэн Казахстаныг алдаршуулан үнэлэх нэгэн байхад атаархан жөтөөрхөгчид бас байгаа нь нууц бишээ.

Хөгжил дэвшилд хэрхэн хүрсэн холын улс орныг дурьдалгүй Азийн орноор жишээ татъя. Өмнөд Солонгос цэрэгжсэн ардчиллыг хэрэгжүүлж байцааг буцалган хоолоо болгож, цагаан будааг махгүйгээр жигнэж, загас жараахайгаар хачирлан идэж ахар богино хугацаанд бүсээ чангалан Азийн бар улс болсон бол Умард Солонгос "Чучухо" гэдэг онолоор зэвсэглэн бусад орны арван хүний хийх ажлыг ганц хүн хийж бусад орны нэг хүний идэх хоолыг арван солонгос идэж нимгэн дэвтэр, үзэг харандаанаас нисэх онгоц хүртэл өөрсдөө хийж, цөмийн зэвсгээрээ Америкийг айлган цочроосон улсын тоонд багтав. Эдийн засгийн асар их чадавхитай мөртлөө олон зуун арал тэнгэст живэх шахам аж төрдөг хирнээ япончууд нано технологи, биотехнологийн гайхамшигийг үзүүлж дэлхийд үлгэр жишээ болжээ.

Евразийн төв дахь нүүдэлчдийн үндэсний ухамсар ба өнө эртний булш бунхны нууцыг агуулсан өргөн уудам нутагт тоталитаризм ба аугаа их удирдагч Бейбарс, орчин үеийн Казахстаны олон үндэстэн ястны хувь тавилан, дундад зууны Энэтхэг, үндэстний эв нэгдэл ба тусгаар тогтнолын төлөө тэмцэгч "Алашын" хүсэл мөрөөдөл.

Энэ бүхэн бидний даван туулж буй өнөөдрийн ээдрээтэй амьдралд эрч хүч өгөхийн хамт аугаа их ард түмний түүхтэй гайхмаар сонин байдлаар холбогдов" гэж түүний онцлон тэмдэглэсэн нь ихээхэн учир утгатай юм. Ер нь казах түмэн 2300 жилд юу эс үзэв. Мянган удаа мөхөж, мянган удаа сэхжээ. Гэхдээ хүн төрөлхтний түүхэнд анх удаа Казахын хээр тал Баянхонгороос - казахууд "Байхонор" гэж нэрлэх нүд цуцам талаас сансарт анх удаа хүн ниссэн бол энэ хөндийгөөс холгүй нэгэн толгодод Чингис хааны ууган хүү Зүчийн бунхан шарил YIII зууны турш гэрэлтэн сүндэрлэж казах түмэн энэ хосгүй дурсгалыг найман зууны турш нүдний цөцгий мэт хамгаалж, Улсын ерөнхийлөгч Нурсултаны зарлигаар тэрбум 400 сая төгрөгөөр шинэчлэн сэргээж, дэлхийн соёлын ховор үзмэр болгож чадсан нь бидний түүх соёл, ахан дүүсийн хэлхээ холбоо хэчнээн гүн гүнзгийг илтгэх мэт.

Нурсултан зөвхөн төрийн тэргүүн төдийгүй, эдийн засагч, эрдэмтэн, түүхч болохоо 1992 оны Алмата хотод чуулсан Дэлхийн казахуудын чуулганыг нээж хэлсэн үгээрээ нотлов. "Казах түмэн газрын гүнд бат бэхээр үндсээ тээлсэн аварга том саглагар мод адил өргөн уудам нутагт аж төрөхдөө хуй салхи , хүчит давалгааг сөрөн хувь заяаныхаа төлөө тэмцсэн эрэлхэг зоригтой өнө эртний түүхтэй ард түмэн юм. Түүний түүх зарим нэгний хэлж байгаа шиг Казахын хаанчлалын эхлэл ХY зуунаас эхтэй гэж үзэж болохгүй. Хаанчлал үүсэх, казах түмний бүрэлдсэн түүх өөр ойлголт юм. Өнөөдрийн казах түмэн эрт дээр үеэс аргамаг хүлгийн туурайгаар дэлхийг дэлдэгнүүлэн ертөнцийг гайхуулсан эртний Cахуудын, наашаагаа аугаа их Гүн /Хүн-ну/ гүрэн алдар нэрээ мөнхөлсөн хөх түрэгийн үр сад, нүүдэлчдийн өлгий болсон ариун дагшин эх нутгаа сахиж үлдсэн уугуул ард түмэн юм" гэж дүгнэжээ.
Төв Азийн уугуул ард түмний 3000 гаруй жилийн түүхийн замнал, ээдрээ нугачааг Назарбаев "Түүхийн давалгаанд" номонд тал бүрээсээ батлан нотолсноор уг ном эдүүгээ 20 гаруй орны хэлд орчуулагдан хэвлэгджээ.

"Эгзэгтэй арван жил" гэдэг номондоо Казахстан улсын тусгаар тогтнолд учирсан бэрхшээл, дэлхийн социалист системийн задрал бутрал, даяаршлалын давалгаа, тэнцвэрээ алдсан ертөнц дахинд байгалийн гамшигаас, шашинаар дөрөөлсөн мөргөлдөөн, газрын баялаг нефть хийн төлөөх түрэмгийлэл, зах зээлийн эдийн засгийг хэрхэн голдиролд оруулж, эцсийн эцэст ард түмнийг гэдэс цатгалан, мөр бүтэн амар жимэр амьдруулахын чухлыг томъёолсон байна. Түүний энэ талаар түүхэнд мөнхрөх гавьяа нь улсынхаа нийслэлийг ногоон төгөл диваажингийн хот хэмээгдэх Алматаас Сары архагийн нүд цуцам өргөн уудам талд нүүлгэн шилжүүлж аравхан жилийн дотор дэлхийд хосгүй Астана хэмээх нийслэлтэй болгосон явдал юм.

Дэлхийн түүхэнд Казахстаны эзлэх байр суурийг бататгаж өнгөрсөн түүхийн сургамжаас суралцаж дэлхийн хоёрдугаар дайн, үйлдвэржүүлэх, атрыг эзэмших, нүүдлээс суурьшилд шилжсэн ололт амжилт, алдаа оноо, өнгөрсөн түүхэн замналаас үеийн үед үл мартах өвөг дээдсийн байгуулсан гавьяаг хойч үе суралцахын ач тусыг тэр жишээ баримтаар бичжээ.
Өөрсдийгөө хэт дөвийлгөж "Өөрийгөө оргил гээд өрөөлийг бэл гэх" үзэл хичнээн хортойг түүний номыг уншихад өөрийн эрхгүй бодогддог. Бидний хоёр хөршийн удирдлагаас үүдсэн алдаа оноог түүхч хүний хувьд монгол, казах түмний сэргэн мандалд хэрхэн нөлөөлснөөр тайлбарлахыг оролдоё.
Казахууд Оросын эрхшээлд 300 жил, монголчууд манжийн дарлалд 220 жил байв. Харин ХХ зуунд казахууд зөвлөлтийн, монголчууд өөрийн эрхээр 70-80 жил амьдрав. Энэ зууны энэ хоёр ард түмний олз гарзыг жингийн туухайд тавьбал олзын тал давамгайлснаар барахгүй үндэстнүүдийн хувьд сэргэн мандлын он жилүүд байжээ.

Казахстаныг 1206 оноос 1916 он хүртэл Чингисийн ууган хүү Зүчийгээс Батхан Аблай, Кененсары хүртэл алтан ургийнхан үе дамжан захирч, 1916-1986 он хүртэл Москвагаас томилдог болж казахыг удирдсан хүний дөнгөж гурав нь казах үндэстэн байв. Д.Конаев эрин зуунаас шалгарсан аугаа их удирдагч төдийгүй, түүний хөшөө дурсгал амьд мэнд байхад боссон дэлхий даяар танигдс

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog