Баян-Өлгийчүүд мэдээллийн "өлсгөлөн"-д нэрвэгджээ. Мэдээллийн эрин зуун эхлээд есөн жил хэдийнэ өнгөрч, хот орон газрынхан элдэв төрлийн мэдээлэлд пологтож байхад алс баруун хязгаарын үндэсний цөөнхөд мэдээлэл дутмаг байхын зовлон нүүрлээд байна. Монгол улсын иргэн хэрнээ Монгол Улсын Үндсэн хуулиа мэдэхгүй хүн захаас аван бий гэнэ. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Жекей "Үндсэн хууль"-ийг казак хэл рүү хөрвүүлж эхлээд байгаа. Өнөөдөр дэлхийн /Казакстаныг оруулалгүйгээр/ 51 оронд таван сая казак үндэстэн аж төрдөг ажээ. Манай улсад 141 мянган казах үндэстэн бий. Тэдний 104 мянга нь Баян-Өлгий аймагтаа амьдардаг бол үлдсэн хэсэг нь Улаанбаатар хот болон Ховд,Сэлэнгэ, Шарын гол, Улаанбаатар хот, Төв аймаг, Налайх дүүрэг гэхчилэн эх орны өнцөг булан бүрт оршин сууж байна. Үндэсний цөөнх болсон казакуудын өмнө тулгамдсан хамгийн гол асуудал бол казах хэлээрээ мэдээлэл олж авах явдал юм байна. Хэдийгээр Баян-Өлгий аймагтаа казах хэлийг ерөнхий боловсролын сургуульд зааж байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь казах хэлээр нэвтрүүлэг явуулдаггүйгээс, төр засгийн бодлого шийдвэр болоод албаны бусад материалууд казах хэлээр гардаггүйгээс үүдэн ихээхэн хүндрэл учирдаг байна. Хамгийн энгийн жишээ дурдахад төрсөн нутгаасаа гараад удсан казах хүмүүсийн хүүхдүүд өнөөдөр казак хэл болон үндэсний уламжлал, соёлоос алхам алхмаар холдсоор байгаа ажээ. Гэтэл Баян-Өлгийд үүний эсрэгээр сонгуульт ажил болоод багийн дарга сонгох үед монгол хэлтэй хүн олдохгүй байх тохиолдол цөөнгүй гэнэ. Өлгийчүүд Казакстан, БНХАУ-ын Шинжаан Уйгарын нэвтрүүлгийг казах хэлээрээ үздэг ч Монголын үндэсний телевизийг ч үзэх боломжгүй байдаг байна. Саяхан Баян-Өлгий аймагт явуулсан судалгаанд оролцогчдын 47 хувь нь монгол хэл мэдэхгүй гэжээ. Тэгэхээр тэдгээр хүмүүс улс оронд болж байгаа үйл явдал, төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг хэрхэн ойлгон авч, биелүүлэх вэ гэсэн асуулт урган гарах нь мэдээж. Чухам эндээс л казах хэлээр нэвтрүүлэг бэлтгэж хүргэх шаардлагатай болоод байгаа ажээ.
Континентал зочид буудлын хурлын танхимд болсон "Үндэстний цөөнхийн эх хэлээрээ мэдээлэл авах, үйлдвэрлэх, солилцох эрхийг хангах нь" зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн Х.Баделхан, А.Тлейхан, Монголын казак иргэдийн холбооны тэргүүн Р.Асай, Казак эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн К.Айнагуль нарын албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын үеэр МУИС-ын Сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч К.Зулькафилаас казак хэлээр нэвтрүүлэг бэлтгэх зайлшгүй шаардлагын талаар тодрууллаа.
-Өнөөдөр Баян-Өлгий аймгийн казак иргэд улс орондоо болж буй үйл явдлын талаар ямар ч ойлголтгүй байна. Төр засгийн бодлого шийдвэрийн тухайд бүр ч хэлэх юмгүй. Тэнд казак хэл дээр гардаг радио байдаг ч техник хэрэгслийн хувьд ихэд хоцрогдсоноос нэвтрүүлгээ тогтмол цацаж чаддаггүй. Аймгийн "Жана өмир" сонин нь ч бие даан "амьдрах" чадваргүй болоод байна. Тус аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь сэдвийн хүрээ явцуу, бичлэгийн төрөл зүйл хомс, шүүмжлэлт болоод асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан материалууд бараг гардаггүйтэй адил болсны дээр ажиллах боловсон хүчин ч дутмаг байна. Тиймээс Засгийн газраас ирэх онд төслийн шугамаар орж ирэх 10 сувгийнхаа нэгийг үндэсний цөөнх болсон казах иргэдэдээ зориулах нь зүйтэй гэдгийг онцлон хэлье.
-Та сая казах хэл дээр хэвлэл гаргах боловсон хүчин дутмаг байдаг гэлээ. Та өөрөө сэтгүүл зүйн салбарын боловсон хүчнийг олон жил бэлтгэж байгаа хүн. Баян-Өлгийгөөс сэтгүүлч мэргэжлээр төгссөн хүн тийм цөөн гэж үү?
-Маш цөөн. Манай МУИС-ийн сэтгүүлчийн ангийг 1995 оноос хойш арван хүн л төгссөн байдаг. Одоо хоёр оюутан сурч байгаа. Тэдний дөрөв нь Казакстанд, хоёр нь Налайхад амьдарч байна. Нэг нь бурхан болсон. Үлдсэн цөөн хэд нь л сэтгүүлч мэргэжлээр ажиллаж байна. Боловсон хүчний хувьд үнэхээр дутагдалтай байгаа гэлээ.
Үндэсний цөөнх хэмээн нэрлээд байгаа казакууд ингэхэд үндэстэн үү, ястан уу гэдгийг өнөөдөр шийдэж чадаагүй гэдгийг хүний эрхийн судлаач Б.Хишигсүрэн илтгэлдээ дурдаж байлаа. Тэрбээр ярихдаа:
-Монгол Улсын үндэсний цөөнхийн эрхийн асуудал ямар байгааг судаллаа. Аль ч улсад үндэсний цөөнхийн онцгой эрх гэж бий. Энэ нь эх хэлээрээ суралцах, мэдээлэл олж авах, ёс заншил, зан үйлээ үйлдэх, үр хүүхэд хойч үедээ өвлүүлэх гэсэн эрхүүд юм. Монголчуудын хувьд олон ястан бий. Тэдэн дотроо казакыг үндэстэн гэж үздэг юм байна. Гэхдээ одоогийн байдлаар аль нь ястан, аль нь үндэстэн бэ гэдгийг шийдсэн шийдвэр байхгүй байгаа. Сүүлийн үед үндэстний хэл төдийгүй нутгийн аялгуу маш их устаж үгүй болж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан. Бас нэг ажиглагдсан зүйл бол Баян-Өлгий аймагт Монгол, Казакстаны хооронд иргэний харъяалал нь алдагдсан хүн цөөнгүй байна.1990-ээд оны эхээр казах үндэстнүүдээс олон хүн Казакстан улс руу шилжин суурьшсан. Тэднээс цөөнгүй нь эргэж Баян-Өлгийдөө буцаж ирсэн. Үүнээс болж давхар харъяалалтай болсон, хаана ч харъяалалгүй үлдчихсэн хүмүүс өнөө хэр байсаар байна. Харъяалалгүй гэдгээ мэдэхгүй яваа хүн ч байна. Энэ бол хүний эрхийн маш том зөрчил юм. Ялангуяа харъяалалгүй болсон хүмүүс нийгмийн халамж, үйлчилгээнээс хоцрох, сонгууль өгч чадахгүй байх гэхчилэн эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна гэсэн юм. Үндэсний цөөнх болсон казак түмний дунд түгээмэл тохиолддог бэрхшээлүүдээс цухас дурдахад ийм байна. Хойшдоо төр засгийн зүгээс хийж хэрэгжүүлэх ажилд санаа өгөхүйц уулзалт ярилцлага одоо ч үргэлжилж байна.
Д.Цээпил

Сэтгэгдэлүүд:
"Үндсэн хууль"-ийг казак хэл рүү хөрвүүлж эхлээд байгаа явдал мөн цаг үеэ олсон байна шүү
Сэтгэгдэл үлдээх: